Хоёр Солонгосын холбооны байрыг БНАСАУ дэлбэлжээ

  Өнгөрөгч бямба гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Умард Солонгосын нутаг дэвсгэр рүү хэдэн зуун мянган ухуулах хуудас илгээсэнд дургүйцэн БНСУ-ын эсрэг дараагийн алхмыг хэрэгжүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд цэргийн хүчийг ашиглана хэмээн мэдэгдэл хийгээд байсан юм. Умард Солонгосын эрх баригчдын зүгээс Пёньян хот руу хэдэн зуун мянган ухуулах хуудас илгээснийг 2018 онд байгуулсан хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн хэмээн үзэж, энэ сарын 9-нөөс эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хааж хэд хэдэн удаа анхааруулга хүргүүлэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байжээ.

Тухайн үед ямар төрлийн хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан ч өнгөрөгч мягмар гарагт орон нутгийн цагаар 16 цагт Кэсон хотод байрлах 2 Солонгосын холбооны байрыг БНАСАУ дэлбэлжээ. Уг дэлбэрэлттэй холбогдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг үүрэг болгон өгсөн байна. Тус хурлын үеэр БНАСАУ-д ямар хариу арга хэмжээг авах талаар хэлэлцэх төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар БНСУ-ын цэргүүд Умард Солонгост чиглэсэн ажиглалтаа нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.