Дүүрэгт газар чөлөөлөх төсөв суугдаагүй тул 2017 оноос хойш явган хүний зам чөлөөлж чадаагүй

            Сүүлийн өдрүүдэд цахим орчинд бага насны хоёр хүүхэд шөнийн цагаар явган хүний замгүйн улмаас автозам тусгаарлагч боржур дээр  явж байгаа бичлэг цацагдсан. Бичлэг хийгдсэн газар нь  Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэний өмчлөлийн газрын ойролцоо бөгөөд тус газарт 2017 онд дүүргээс авто зам шинээр барьсан боловч тухайн  иргэн хашааны газраа татаж явган хүний зам бариулахгүй хэмээн маргаан үүсгэснээр өнөөдөр ч байдал хэвээрээ байна

   Бага насны хоёр хүүхэд явган хүний замгүй газар боржур дамжин явж байгаа энэхүү бичлэг сүүлийн хоёр өдөр цахим орчинд тархсан. Биднийг тухайн газар дээр очиход хүнсний дэлгүүр бүхий 5-6 метр үргэлжилсэн блокон хашаа байсан юм. Уг нь авто замын стандартад явган хүний зам 1-1,5 метрийн өргөнтэй байх тухай заасан. Гэвч авто замын боржуртай иргэний өмчлөлийн хашаа тулж баригдсан байна.

Анх 2017 онд Чингэлтэй дүүргээс тухайн гудамжинд иргэдийн хүсэлтийн дагуу авто зам барьжээ. Гэхдээ авто зам дагуух айлуудтай тохиролцон шаардагдах явган хүний замыг гаргаж байсан. Харин тухайн үед тохиролцож чадаагүй, маргаанаар дууссанаар тус хашааны иргэн өмчлөлийн хашаагаа татаж явган хүний зам гаргаагүй. Улмаар жилийн өмнөөс блокон хашааг барьжээ.

    Нийслэлийн хот төлөвлөлтийн төлөвлөгөөний дагуу хийгдээгүй явган хүний зам, гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажил өнгөрсөн жилүүдэд засаг даргын захирамжийн дагуу идэвхтэй хэрэгжиж ирсэн. Гэвч нийслэлийн төсвөөс баригдаагүй тухайн дүүргээс баригдсан энэ мэтчилэн зам, талбайд газар чөлөөлөх төсөв дүүрэгт олгогдоггүй тул ямар нэг шийдвэр гарах боломжгүй байгааг мэргэжилтэн тайлбарлалаа. Энэ бол нийслэлийн гэр хороололын гудамд байнга байдаг үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Нэг талаас иргэдийн өмчлөлийн газар хэдий ч нийгмийн хариуцлага ч бас энд хөндөгдөж байна. Дараагийн удаа бид газрын алба болон нийслэлийн заа-аас энэ тухай илүү дэлгэрэнгүйг хүргэнэ.