Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020"-ыг танилцууллаа. Тус тайлан дэлхийн 63 улсын дунд хийдэг. Манай улс анх 2015 оноос эхлэн тус судалгаанд хамрагдаж эхэлжээ. Өрсөлдөх чадварын тайлан 330 үзүүлэлтэд тулгуурлан эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн таван үндсэн сорилтыг гаргадаг юм.
2019 онд монгол улс эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 59-р байр, засаглалын үр ашиг үзүүлэлтээр 53-р байр, бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 57-р байр, дэд бүтцийн үзүүлэлтээр 62-р байрт эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тайланд сонгогдсон 63 орноос 61-р байрыг эзэлжээ. Манай улсад энэ удаа засаглалын үр ашгийн үзүүлэлт харьцангуй сайжирсан ч дэд бүтэц, эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлт буурсан дүнтэй байна. Өрсөлдөх чадварын тайлангийн гол ач холбогдол нь гадаадын хөрөнгө оруулагчид энэ үзүүлэлтийг голчлон хөрөнгө оруулах эсэхээ шийддэг юм. Энэ онд олон улсын зарим агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан зэрэг нь ч мөн үүнд давхар нөлөөлж байна. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс манай улсад 2020 онд тулгарах гол бэрхшээлийг ажилгүйдлийн түвшин нэмэгдэх, засгийн өр, эдийн засгийн өсөлт удаашрах зэрэгтэй холбон үзжээ.
Өрсөлдөх чадвар сайтай орнуудын хувьд эдийн засгийн чадвар, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тогтолцоо сайтай зэргээр ялгарч байна. Харин манай улсын хувьд Венэсуэль, Аргентин зэрэг улсуудтай тун ойр эрэмбэлэгджээ.