Шөнийн цагаар нийтийн тээвэр үйлчилгээнд явуулах шаардлагатай байна

Өнгөрсөн жил Энхтайвны өргөн чөлөө болон 7 буудал-Цэцэг төв, Нисэх-Цэцэг төв гэсэн гурван чиглэлд шөнийн тээвэр зорчиж байсан. Харин энэ жил "Ковид-19" цар тахлын улмаас  шөнийн тээвэр явахгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 945 автобус зорчиж байна. Харин амралтын өдрүүдэд нийт  670 автобус өглөөний 8 цагаас эхлэн үйлчилж байна. Одоогоор манай улсын хувьд шөнийн хуваарьтай автобус үйлчилгээнд явахгүй байгаа юм. Харин үйлчилгээнд гарч байгаа автобуснууд оройн 22 цаг 30 минутад буух хуваарьтай хэдий ч цагаасаа эрт зогсох, зорчигчдыг авахгүй байх зэрэг зөрчлүүд гаргаж байгааг иргэд шүүмжилж байна.

Ээлжийн ажилтай, зуслангийн чиглэлд зорчдог иргэд автобус 22 цагаас өмнө зогсож, уртасгасан цагаар шөнийн тээвэр явахгүй байгаа нь хүндрэлтэй байгааг ярьж байна. Тухайлбал автобусны чиглэл, цагийн хуваарийг мэдээлдэг "UB SMART BUS" Аппликэйшн дээр нийтийн тээврийн сүүлийн ээлжийн автобус 21:30 минутад зорчигчоо авах хуваарьтай байна.

Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орнуудын жишээг авч үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23 цаг 20 минутаас үүрийн 4 цаг 50 минут хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр 8 чиглэлд шөнийн 12 цагаас өглөөний 5 цагийн хооронд 30-аас 50 минут тутамд зорчдог байна. Эдгээр улсууд иргэд шөнийн цагт аль чиглэлд хамгийн их зорчдог талаарх судалгааны үр дүнд шөнийн тээврийн чиглэлийг тодорхойлдог  байна.