ХБНГУ-д

Өчигдөр дэлхий дахинд халдварын 131 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 8.4 сая, нас барсан хүний тоо 451 мянгад хүрээд байна. Харин халдвараас эдгэсэн хүний тоо 4.4 саяд хүрчээ.

Өнгөрөгч лхагва гарагаас эхлэн ОХУ-ын Гамалеяны нэрэмжит тархвар  судлал, Микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнд бүтээсэн Ковид-19 халдварын хоёр төрлийн вакцины эмнэл зүйн туршилт эхэлснийг тус улсын эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Уг  эмнэл зүйн туршилтад 38 хүнээс бүрдсэн сайн дурын хоёр бүлэг сонгогдож шингэн болон  хуурай хэлбэрт оруулах гэсэн хоёр хэлбэрийн вакцины судалгааг Москва хотын хоёр эмнэлэгт явуулж эхэлсэн байна.

Тэгвэл Бээжин хотын хүнсний "Шиньфади" захын далайн гаралтай бүтээгдэхүүний тасгаас Ковид-19 халдвар илэрсний дараа тус захын ойролцоо оршин суудаг 365 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.  Одоогийн байдлаар тус захаар үйлчлүүлж Ковид-19-ийн халдвар авсан байх магадлалтай 130 гаруй хүнийг тусгаарлаж, халдварын эсрэг эмчилгээнд хамрагдуулаад байна. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс Бээжин хот дахь дэгдэлтийн шалтгааныг олж тогтоох шинжээчдийн бүлгийг ойрын хугацаанд БНХАУ руу нэмж илгээнэ гэж мэдэгджээ.

Харин цар тахлын дэгдэлт харьцангуй тогтворжоод байсан герман улсад 24 цагийн дотор Ковид-19 халдварын 1797 шинэ тохиолдол бүртгэгдсэний 657 нь тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах махны үйлдвэрийн ажилтнуудаас илэрчээ. Цар тахлын шинэ голомт болсон тоннис махны үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын эцэс хүртэл хааж эхний ээлжид 1000 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулаад байна. Түүнчлэн тус бүсэд байрлах сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.