Дэлхий дахинд

      Өчигдөр дэлхий дахинд халдварын 125 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 8.5 сая, нас барсан хүний тоо 456 мянгад хүрээд байна. Өнгөрөгч лхагва гарагт Ковид-19 халдварын тохиолдлын тоогоор Италийг давсан Перу улсад цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 244 мянгад хүрчээ. Латин Америкийн орнуудын дундаас хамгийн эхэнд хилээ хаасан орнуудын нэгт Перу улс багтаж байгаа ч дэлхийд хамгийн их халдвар авсан хүний тоогоор 7-т бичигдэж эхэлсэн тааруухан үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын "Шиньфади"  зах дээр Ковид-19 халдварын шинэ голомт илэрсэнтэй холбогдуулан тус хотын нисэх онгоцны буудлууд  өнгөрөгч пүрэв гарагт 1500 орчим нислэгээ цуцалсан тухай мэдээлжээ. Түүнчлэн Бээжин хот руу очих болон буцах онгоцны тийзээ нэмэлт хураамж төлөлгүйгээр буцаан авах боломжтой гэдгийг зорчигчид мэдээлсэн байна.

 Тэгвэл Латин Америкийн Бразил улсад 24 цагийн дотор Ковид-19 халдварын 23 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 983 мянгад хүрснийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.Түүнчлэн тус улсын Эрүүл мэндийн байгууллагууд өнгөрөгч даваа гарагт хумхаа өвчний үед уудаг эмийг Ковид-19-ийн халдвар авсан хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд уулгахыг мэдэгдсэн байна.Харин АНУ-ын хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас уг эмийг цар тахлын эсрэг ашиглахыг хориглох шийдвэр гаргаад байгаа юм.