АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын албан тушаалтнуудад хориг тавих хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

        Өнгөрөгч лхагва гарагт цагаан ордонд болсон хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уйгарууд болон лалын шашинт бусад төлөөллийг хавчиж шахсан БНХАУ-ын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах тухай хуулийн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Уг хуулийн төслийг өнгөрөгч 5-р сард Бүгд Найрамдах намын гишүүн Марко Рубио санаачилж АНУ-ын конгрессын хоёр танхим хоёул санал нэгтэйгээр баталсан юм. Энэхүү хуулийн төсөлд уйгар үндэстний цөөнхийг хавчин гадуурхаж байгаагийн хариуд БНХАУ-ын албан тушаалтнуудад АНУ-ын виз олгохоос татгалзах түүнчлэн тус улсад эзэмшдэг хөрөнгийг царцаах зэрэг хатуу арга хэмжээ авах заалтууд тусгагджээ. Харин БНХАУ-ын албан тушаалтнуудад хориг тавих хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсантай холбогдуулан Хятад улсын Гадаад хэргийн яам АНУ-д эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

Тус улсын баруун хойд нутагт Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд олон төрлийн үндэстэн оршин суудаг ч лалын шашинт уйгар үндэстэн ихэнх хувийг нь бүрдүүлдэг. БНХАУ-ын эрх баригчдын зүгээс шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоотой бүлэглэлээс гадна салан тусгаарлах үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлээд байгаа юм.