Дулааны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэдийн амны хаалтын хэрэглээ буурчээ

           "Ковид-19" цар тахлын эсрэг вакцин эцэслэн гараагүй байгаа энэ үед амны хаалт нь халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай хүний тухайд өвчнөө бусдад халдаахгүй байх гол хэрэглүүр болоод байгаа. Харамсалтай нь урин дулааны улирал эхэлснээр иргэдийн хэрэглээ суларч амны хаалтгүйгээр зорчих, ёс төдий зүүх тохиолдол  нийтийн гудамж, талбайд гарч байна. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 тусгай дугаарын утсанд амны хаалтны хэрэглээ буурсантай холбоотой гэх гомдол сүүлийн үед ирэх болжээ.

Ковид-19 цар тахлын улмаас иргэд өөрсдийгөө урьдчилан сэргийлэх зорилгоор тасралтгүй 5 сар гаруйн хугацаанд амны хаалт хэрэглэж, гар халдваргүйжүүлэх бодисыг ашиглаж, ахуйн ариун цэвэр талаасаа өөрчлөгдөж байна. Гэтэл халдварыг дотооддоо алдаагүй гэх шалтгаанаар, мөн цаг агаар өдөрт 30 хэмийн дулаанд хүрсэн, маскаа худалдаж авч чадаагүй, мартсан, орхисон гэх шалтгаанаар олон нийтийн гудамж талбайд тоомжиргүй алхах хүмүүс ч нэмэгджээ.

Анх манай улсад хөл хорио тогтоосон 1-р сарын сүүлээр нийлүүлэлт муу байсан амны хаалтыг иргэд хайснаар, эрэлт огцом өсөж, үүнийг дагаад нэг удаагийн амны хаалтны үнэ 300 төгрөгөөс огцом нэмэгдэж, 1000 төгрөгт хүрч байсан. Харин одоо нөхцөл байдал хэвийн жигдэрсэн тул амны хаалтын үнэ ч буурч, нийлүүлэлт тогтворжжээ. 

ДЭМБ-аас зөвлөж байгаагаар, хоёр шалтгаанаар амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Үүнд, хоёроос доош насны хүүхдэд маск зүүлгэхгүй байх, амьсгалын замын өвчинтэй болон хүний тусламжтай буюу асаргаанд байдаг хүмүүст амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөсөн. Үүнээс гадна иргэдийн тухайд хэрэв даавуун маск зүүсэн тохиолдолд угаасны дараа индүүдэж зүүвэл үр дүнтэйг онцолсон байна.

Ковид-19 цар тахал нь маскны дотор талд 4 өдөр, гадна талд 7 өдөр байх тэсвэртэй юм байна. Тиймээс нэг удаагийн амны хаалтыг тогтсон хугацаанд сольж хэрэглэх, бохир амны хаалтыг ил задгай хаяхгүй байх шаардлагатай. Түүнчлэн  Ковид-19 цар тахлын эсрэг вакцин гараагүй байгаа энэ үед иргэд хувийн хамгаалах хэрэгсэл буюу амны хаалт, гар халдваргүйжүүлэх бодисыг өдөр тутам хэрэглэхээ мартаж болохгүйг холбогдох албаныхан санууллаа.