Хоёр давхар автобусны жолоочийг ур чадвар олгох нэмэлт сургалтад хамруулна

        Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нь, мэргэшсэн жолооч бэлтгэх 21 хоногийн сургалтад хамрагдсаны дараа мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх, үнэмлэх авах эрх үүсдэг байна. Тэгвэл Монгол улсын нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа нэвтрүүлж байгаа хоёр давхар автобусыг мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, олон жилийн туршлагатайгаас гадна нэмэлт сургалтад хамрагдсан жолооч жолоодох юм байна.

Авто тээврийн үндэсний төв 2010 оноос мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх олгож эхэлсэн байна. Тодруулбал тээврийн хэрэгслийн жолооч нь 21 хоногийн сургалтад хамрагдаж дүрэм, жолоодлогын шалгалт өгснөөр мэргэшсэн жолооч болох боломжтой. Тэгвэл нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нь олон хүн тээвэрлэх учир хариуцлагатай мэргэшсэн байх шаардлагатайг албаны хүн онцолж байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 65 мянга гаруй мэргэшсэн жолооч байдаг. Мэргэшсэн жолоочийн эрэлт нэмэгдэж байгаагийн хэрээр авто тээврийн үндэсний төвд өдөрт дунджаар 70-80 хүн мэргэшсэн жолоочийн шалгалтад хамрагддаг байна. Харин нийт шалгалт өгч байгаа жолоочдын 50 хүртэлх хувь нь шалгалтад тэнцдэг байна. Энэ нь манай улсад мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт ямархуу хэмжээнд байгааг харуулж байгааг мэргэжлийн хүн онцолж байна.

Тэгвэл манай улсад анх удаа нэвтэрч байгаа давхар автобусны жолооч мэргэшсэн, олон жилийн туршлагатай байхаас гадна, нэмэлт сургалтад хамрагдах юм байна.

Хоёр давхар автобус улсын дугаараа авч, бэлтгэл ажил хангагдсан тул  маргааш буюу энэ сарын 19-нөөс Энх тайвны өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицер чиглэлд явж эхлэх  юм байна.