Ургамлын гаралтай харшил үүсгэдэг үеэс өмнө дархлаажуулах эмчилгээг хийлгэх шаардлагатай

Ургамлын харшилтай иргэдэд зонхилон тохиолддог модлог ургамлаас үүдэлтэй харшлын үе дуусаж, үет ургамлын харшлын үе эхэлж байна. Улмаар иргэдэд хамар, хоолой, тагнай загатнах, хамар битүүрэх, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Иргэдэд улирлын болон улирлын бус нөхцөл байдлаас үүдэж, харшил үүсдэг. Тодруулбал улирлын бус буюу гэр, орчны тоос, хөгц мөөгөнцөр, тэжээвэр амьтны үс, амьтны ялгадсаар дамжин харшил үүсэх тохиолдол байдаг. Харин 4-р сараас эхлэн 10-р сар хүртэлх хугацаанд ургамлын гаралтай буюу модлог ургамал, үет ургамал, шарилжийн харшлын идэвхжил бий болж байна. Гэтэл иргэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, мөн хүндэрсэн тохиолдолд иргэд эмнэлэгт хандаж байгаа нь эмчилгээ оройтоход хүргэж байгаа юм.

Иргэдийн тухайд харшил үүсгэгчээ мэдээгүй тохиолдолд дур мэдэн эмчилгээ эхлүүлэх, зөгийнд хатгуулах, голио сорох гэх мэтчилэн арга хэмжээ авдаг. Гэтэл ургамлын гарлаас үүдэлтэй харшлын үед ургамлын гаралтай эм хэрэглэхгүй байх, харшил төрүүлэгч зүйлийг тогтоолгож, харшил үүсгэгчээс холуур явах, өглөөний 04:00-10:00 цаг, 17:00-20:00 цагт ургамлын тоос ихээр агаарт цацагдах учраас гадуур явахдаа амны хаалт, малгай, нүдний шил зүүхийг зөвлөдөг байна. Хамгийн гол нь харшил үүсгэгчийг тодорхойлох сорил хийлгэх, цусаар шинжилгээ өгөх шаардлагатай юм байна.  

Харшлыг эмчлээгүйгээс, хүндрүүлснээс үүдэж амьсгалын зам бөглөрөх, яваандаа Астма нь хүндрэх эрсдэлтэй юм байна. Тиймээс улирлын чанартай харшил идэвхжихээс өмнө эсвэл дараа нь дархлаажуулах эмчилгээ хийлгэхийг мэргэжлийн эмч зөвлөлөө.