Дэлхий дахинд

Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 халдварын 122 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж  цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 9 сая, нас барсан хүний тоо 470 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар халдвар аваад  эдгэсэн хүний тоо 4.8 саяд хүрчээ.

Өчигдөр БНХАУ-д Ковид-19 халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо нь 83 мянгад хүрсэн байна. Шинээр илэрсэн 26 тохиолдлын 22 нь нийслэл Бээжин хотод, 3 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол 1 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. Эдгээр тохиолдлын дийлэнх нь өнгөрөгч 6 дугаар сарын 13-нд хаагдсан  Бээжин хотын "Шиньфади" захад илэрсэн халдварын голомттой холбоотой байгаа юм.

Харин өчигдрийн байдлаар АНУ-д Ковид-19 халдварын 32 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 2.3 саяд хүрээд байна. Тус улсын Флорида, Калифорни мужуудад цар тахлын шинэ тохиолдол 20-оос 30 насны залуучууд дунд эрчимтэй бүртгэгджээ. Тэгвэл АНУ-ын эрх баригчдын зүгээс нийгмийн биет харилцааг хангалттай хязгаарлахгүй байгаа учраас Ковид-19 халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

24 цагийн дотор халдварын 15 мянган шинэ тохиолдол энэтхэг улсад бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 426 мянгад хүрчээ.

Бүгд найрамдах Энэтхэг улсад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд уг үзүүлэлт сүүлийн дөрөв хоног дараалан хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгаа юм. Одоогийн байдлаар Энэтхэг улсад 6 сая 807 мянган хүнд шинжилгээ хийснийг тус улсын эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Тэгвэл ОХУ-д 24 цагийн дотор Ковид-19 халдварын 7728 шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 584 мянгад хүрээд байна. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины аюулгүй байдлын төлөө ирэх 6-р сарын 24-нд Москва хотод болох аугаа эх орны дайны ялалтын баярын жагсаалд оролцох ахмад дайчдыг тусгай байранд байрлуулахаар болсон байна.