Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль эрх зүйн акт бичиг бэлэн болжээ

Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 19 дүгээр хуралдаан энэ сарын 18-наас 20-ны хооронд Бээжин хотод боллоо. Тус хуралдааны үеэр Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль эрх зүйн акт бичиг бэлэн болсныг зарласан байна. Уг мэдэгдлийн дараа  Хонконгийн Ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч дахин нэг эсэргүүцлийн жагсаалын үндэс болно гэж олон улсын ажиглагчдын зүгээс үзээд байгаа юм.

БНХАУ-ын засгийн газарт харьяалагддаг үндэсний аюулгүй байдлыг хангах хороог Хонконгийн эрх баригчдад үүрэг болгон Хонконгт байгуулахыг уг хууль эрх зүйн акт бичигт тусгасан байна.

Мөн тус хорооны бүрэлдэхүүн хэсэгт цагдаагийн газрын дарга, цагаачлалын албаны тэргүүн, гаалийн албаны дарга, мөн хорооны бичиг хэрэг хариуцсан зөвлөх нараас гадна даргын албан тушаалыг Хонконгийн засаг захиргааны тэргүүн хашихаар тусгагджээ.

Тус хорооны харьяа Хонконгийн цагдаагийн газар хууль сахиулах тусгай ангийг байгуулахын зэрэгцээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  4 төрлийн гэмт хэрэг буюу салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг гутаах, террорист үйл ажиллагаа явуулах, гаднын улс эсвэл сөрөг хүчинтэй үгсэн тохиролцох хэргийг шийдвэрлэх тухай тус хууль зүйн акт бичигт оруулж өгсөн байна.

Тэгвэл европын парламентын зүгээс энэ хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлснээр Хонконгийн автономит статусыг тодорхойлдог "Нэг улс-хоёр систем" зарчмыг зөрчсөн явдал болж байна гэж НҮБ-ын олон улсын шүүхэд өргөдөл гаргажээ. Түүнчлэн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөнтэй холбогдуулан БНХАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад бэлдэхийг европын парламент уриалаад байгаа нь зарим ажиглагчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. 

Бүтэн жил үргэлжилсэн тэмцлийн улмаар Хонконгт 9 мянга гаруй хүн баривчлагдсан гэх тооцоолол байгаа юм. Хэдийгээр уг хуулийн төсөл олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тус бүсийн зарим иргэд Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа юм. Хонконгийн зарим оршин суугчдын зүгээс энэ хуулийн төслийн тусламжтайгаар эх газрын Хятад болон засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн үйл ажиллагаа хоорондоо уялдах боломжтой болж байна гэж үзжээ.