Энэ жил нийслэлийн хэмжээнд 8 байршилд 50.2 км унадаг дугуйн зам барихаар болжээ

Дулааны улиралд унадаг дугуйн хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл Улаанбаатар хотын гудамж талбай, авто зам дагуу дугуйн зам хангалттай байдаггүйгээс унадаг дугуйтай зорчигчид зориулалтын бус замаар зорчих нь элбэг байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу энэ жил найман байршилд унадаг дугуйн шинэ зам баригдаж эхэлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 350.2 км унадаг дугуйн замыг барих боломжтой байна. Энэ нь одоо байгаа унадаг дугуйн замыг 4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо судалгаа юм. 

Манай улсад унадаг дугуйн замын стандарт 2006 онд батлагдсан байдаг. Гэвч зорчилт хөдөлгөөн ихтэй хотын төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын шаардлага хангасан дугуйн зам байхгүй байгаа юм. Стандартад нэг урсгалтай унадаг дугуйн зам 1.5 метр, хоёр урсгалтай бие даасан дугуйн зам 2.7-3 метр байхаар тусгасан байдаг.

Иргэд, унадаг дугуйтай зорчигчид зориулалтын замаар зорчихгүй байх нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах нөхцөл болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс цаашид явган болон дугуйтай зорчигчдод зориулалтын замаар зорчих соёлыг хэвшүүлэх хэрэгтэй байна.