БНСУ-д

   Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 халдварын 124 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 9.1 сая, нас барсан хүний тоо 474 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар халдвар аваад эдгэсэн хүний тоо 4.9 саяд хүрчээ.

Өчигдрийн байдлаар АНУ-д халдварын 31 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 2.3 саяд хүрээд байна. Тэгвэл АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачдын зүгээс Ковид-19 цар тахлын шинэ тохиолдол 20-оос 30 насны залуучууд дунд эрчимтэй бүртгэгдэж байгааг мэдэгдсэн байна. Тус улсын Флорида, Калифорни мужуудад Ковид-19 халдварын шинэ тохиолдол залуусын дунд эрчимтэй нэмэгдээд байгаа юм.Харин БНСУ-д 24 цагийн дотор Ковид-19 халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 12 мянгад хүрчээ. Хэдийгээр тус улсад халдварын тохиолдол харьцангуй бага бүртгэгдэж байгаа ч, БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх өвчинд хяналт тавих урьдчилан сэргийлэх байгууллагаас Ковид-19 халдварын 2 дахь давлагаа тус улсад аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн ойрын гурван өдөрт бүртгэгдсэн халдварын дундаж тохиолдол 30-аас доош буухгүй бол хорио цээрийн хатуу дэглэмийг буцаан сэргээхээ сөүл хотын захирагч Пак Вон Сун мэдэгдсэн байна.

Цар тахлын голомт болсон Бразил улсад өчигдрийн байдлаар халдварын 21 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 1 сая 106 мянгад хүрлээ. Гэхдээ тус улсад оношлуур, шинжилгээний хүртээмж бага байгаа тул уг тоог нэлээд дарсан гэж мэргэжилтнүүд үзээд байгаа юм. Ковид-19-ийн халдвар Бразил улсын ядуу иргэд, нутгийн уугуул хүмүүст хамгийн их хохирол учруулж байгаа юм.