Саудын Арабын засгийн газраас Исламын шашинтнуудын хаж мөргөлд хориг тавилаа

         Сүүлийн өдрүүдэд Ковид-19 халдварын тохиолдол эрчимтэй бүртгэгдэж байгаа Саудын Арабд жил болгон зохион байгуулагддаг Исламын шашинтнуудын хаж мөргөлд тус улсын засгийн газрын зүгээс хориг тавьжээ.

Саудын арабын баруун хэсэгт орших ариун хот Меккад энэ сарын сүүлд зохион байгуулагдах гэж байсан хаж мөргөлд нийт 3 сая мөргөлч ирэхээр төлөвлөөд байсан юм. 90 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан хаж мөргөлийг Саудын Арабын засгийн газрын зүгээс бүрэн цуцлаагүй ч, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө тус улсад амьдардаг цөөн тооны мөргөлчийг ариун хот Меккад оруулан мөргөл үйлдэхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар хэр олон мөргөлч оруулахаар төлөвлөснийг Саудын Арабын засгийн газрын зүгээс ард иргэдэд мэдэгдээгүй байна. Таван өдрийн турш төрөл бүрийн зан үйлүүдийг гүйцэтгэх уг арга хэмжээг Исламын шашны гол таван тулгуур баганы нэг гэж үздэг бөгөөд Муслим хүн бүр амьдралдаа хамгийн багадаа нэг удаа үйлдэх ёстой гэж үздэг байна.

Өнгөрөгч 2019 оны хаж мөргөлд дэлхийн өнцөг булан бүрээс 2.5 сая мөргөлч Саудын Арабын баруун хэсэгт орших ариун хот меккад ирсэн байна.

Дэлхийн хамгийн том шашны цугларалтуудын нэгт тооцогддог хаж мөргөлд улс төрийн нөлөө оруулах ёсгүй бөгөөд өнгөрсөн жил иранаас 88 мянган мөргөлч ирсний дээр визний хоригтой Катар улсаас мөн ижил тооны мөргөлчид ирж байжээ.