Латин Америкт бүртгэгдсэн

Өчигдөр дэлхий дахинд Ковид-19  халдварын 179 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 9.7 сая, нас барсан хүний тоо 490 мянгад хүрсэн байна. Харин дэлхий даяар халдвар аваад эдгэсэн хүний тоо 5.2 саяд хүрчээ.

Өнгөрөгч тавдугаар сард Латин Америкийг цар тахлын шинэ голомт болсныг мэдэгдсэнээс хойш тус бүс нутагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын тохиолдлын тоо өмнөх үетэй харьцуулбал гурав дахин нэмэгджээ. Сүүлийн үед илэрч байгаа халдварын шинэ тохиолдлын дийлэнх нь Төв Америкт бүртгэгдэж байгаа бөгөөд Хаити, Доминиканы хил дээр халдвар голомтлон тархаж байна гэж Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс мэдээлсэн байна. Тэгвэл дэлхий дахинд Ковид-19  халдварын эсрэг вакцины 110 гаруй Эмнэл зүйн туршилт хийгдэж байгаа. Харин Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс Их британийн Оксфордын их сургуультай хамтран Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний туршилтыг энэ мягмар гарагаас эхлүүлсэн байна. Уг туршилтад сайн дурын 2000 хүн оролцож байгаа бөгөөд халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн тус улсад туршилтыг эхлүүлжээ.

Дэлхий дахинд Ковид-19 халдварын дэгдэлтийн эхний сард 10 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн сард 4 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Хэрвээ Ковид-19 халдвар авсан хүний тоо долоо хоног тутамд 1 саяаар нэмэгдвэл өдөрт 88 мянган баллон хүчилтөрөгч шаардагддаг байна.