УИХ-ын 2020 оны сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад багтаагүй ч сонгох эрхээ сэргээлгэх боломжтой, "Түр хасав" төлөвийн 130 мянга гаруй иргэд байсан. Тэгвэл эдгээр иргэдийн 3345 нь сонгуулийн санал авах өдөр "Түр хасав" төлөвтөө өөрчлөлт оруулж, нийт сонгогчдын тоонд багтжээ. Ингэснээр нэмж 3000 гаруй хүн улс төрийн сонгох эрхээ эдэлж чаджээ.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр УБЕГ-аас сонгогчдын тоотой холбоотойгоор хоёр төрлийн тоон мэдээллийг 6-р сарын 23-нд зарласан. Үүнд сонгогчийн нэрийн жагсаалтад багтсан 2 сая 624 хүн, харин “Түр хасав”  тэмдэглээтэй 130,747 хүн байгаа талаар мэдэгдсэн. Гэхдээ эдгээр иргэд нь буюу нийт 2,131,371 хүн манай улсын нийт сонгуулийн насны иргэд байсан ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.7-д зааснаар сонгогчийн тоонд оруулахгүй  ч сонгох эрхээ сэргээлгэх боломжтой гэсэн төлөвтэйгөөр бүртгэгдээд байсан . Харин сонгуулийн өдөр эдгээр иргэдээс улсын хэмжээнд 3345 иргэн “Түр хасав” төлөвөө сэргээлгэж, УИХ-ын сонгуульд саналаа өгчээ.

Тэгвэл хуульд зааснаар хилийн чанадад 60-аас дээш хоногоор байсан иргэд, хаягийн шилжилт хийгдээгүй, бүртгэлтгүй иргэд, тухайн жилд Монгол улсын харьяатаас гарсан болон харьяат болсон, ял шийтгэл эдэлж байгаа иргэд, төрийн зарим байгууллагын албан хаагчийг түр хасав төлөвт оруулдаг. Эдгээрээс зарим иргэн сонгуулийн өдөр төлөвөө сэргээлгэж, УИХ-ын сонгуульд саналаа өгсөн. Гэтэл зарим иргэдийн тухайд бүртгэлийн мэдээллээ шалгаагүйн улмаас, мөн хилийн чанад руу зорчоогүй ч “Түр хасав” төлөв руу шилжсэн байсан учраас саналын эрхээ ашиглаж чадаагүй байна. Тиймээс УИХ-ын сонгуулийн дараа шилжилт хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх учраас иргэд бүртгэл мэдээллээ баталгаажуулах, хянах шаардлагатай.