БНЭУ-д аянгад ниргүүлсны улмаас 116 хүн амь эрсэджээ

    Бүгд Найрамдах Энэтхэг улсын хойд нутгийн хоёр мужид сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас өнгөрөгч бямба гарагт 116 хүн аянганд ниргүүлж амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Тус мужийн байгалийн гамшигтай тэмцэх албанаас хойд нутгийн Бихар мужид хамгийн олон буюу 83 хүн амиа алдсан хэмээн мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүчтэй аадар бороо, аянга цахилгааны улмаас моднууд үндсээрээ булгаран унаж, цахилгаан эрчим хүч тасалдсаны дээр хэдэн зуун барилга байшин үерийн усанд автжээ. Тус улсын Ерөнхий сайд Моди тусламж үзүүлэх ажиллагаа эхэлснийг мэдэгдэн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.  Ирэх өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг цаг уурын албанаас анхааруулжээ. Түүнчлэн Ковид-19 цар тахлын аюулаас сэргийлэх зорилгоор хүмүүсийг нэг дор олноор нь байрлуулахаас зайлсхийж, түр хорогдох байр байгууламжуудыг олноор ашиглаж байгаагийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж байгаагаа шуурхай албаныхан мэдээлсэн юм. Энэтхэг улсад борооны улиралд аянга цахилгаан цахих нь элбэгшдэг бөгөөд 2018 онд аянганд ниргүүлсний улмаас 2300 гаруй хүн амиа алдсан байна.