Хурдан морины уралдаанч хүүхдүүд амны хаалт, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсанаар уралдаанд оролцоно

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйн тулд 6-р сарын 29-өөс 7-р сарын 8-ны өдрүүдэд явуулахаар болсон. Уралдаанч хүүхдүүд заавал хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх, даатгалд хамрагдсан байх, хүүхдийн асран хамгаалагчтай уяач гэрээ байгуулсныг үндэслэн хурдан морины уралдаанд оролцуулахаар болжээ. Мөн "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдааны үеэр амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа юм байна.

2018 оноос хойш хурдан морины уралдаанд оролцдог хүүхдүүдийг хурууны хээн цахим бүртгэлийн системээр дамжуулан бүртгэж эхэлсэн. Энэ жилийн тухайд ч энэ системийн дагуу бүртгэлийг явуулахаар болжээ. Энэ системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийн талаар нэгдсэн сан бий болсон байна.

2019 оны байдлаар хурдан морины 172 уралдаан болж, уралдааны үед мориноос унасан хүүхдийн тоо 448 болсон нь 2018 онтой харьцуулахад 213-аар буурчээ. Гэсэн ч хүүхэд бэртэх тохиолдол байсаар байгаа энэ үед Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны үеэр уралдаанч хүүдийн эрх, аюулгүй байдалд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажиллах юм байна. Мөн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байх шаардлагыг чанд мөрдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Учир нь 2019 оны үндэсний их баяр наадмын үеэр уралдаанч хүүхдийн хамгаалах хувцас хэрэглэлийг хэрэглэсэн байдал 95.6 хувьтай байжээ.