АНУ-ын зарим мужууд хөл хорионы дэглэмээ сунгахаар шийджээ

Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 халдварын 200 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 10.4 сая, нас барсан хүний тоо 508 мянгад хүрлээ. 

АНУ-д 24 цагийн дотор Ковид-19 халдварын 44 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар авсан нийт хүний тоо 2 сая 681 мянгад хүрээд байна. Халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн Аризона, Невада зэрэг мужийн эрх баригчдын зүгээс үйлчилгээний газруудаа 30 хоногоор дахин хаах шийдвэр гаргажээ. Түүнчлэн АНУ-ын 48 мужид Ковид-19 халдварын шинэ тохиолдол 20-оос 35 насны залуучууд дунд эрчимтэй нэмэгдсэн.

Харин энэтхэг улсад нэг хоногийн дотор Ковид-19 халдварын 19 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо  567 мянгад хүрчээ. Тус улсад найман өдөр дараалан халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа нь энэ юм. Хэдийгээр тус улсад өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа ч, Энэтхэг улсын эрх баригчдын зүгээс хөл хориог хэсэгчлэн цуцлах эхний шатны арга хэмжээг аваад байна. Тэгвэл өчигдөр Япон улсад Ковид-19 халдварын 86 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Өнгөрөгч 5-р сарын 25-нд япон улсын бүх хэсэгт онц байдлын дэглэм цуцлагдсан юм. Хэдийгээр япон улсад халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх өдрийг бодвол харьцангуй нэмэгдээд байгаа ч, тус улсын засаг захиргааны зүгээс хөл хорионы дэглэмийг дахин сунгахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.