АНУ-д

Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 цар тахлын 180 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 10.8 сая, нас барсан хүний тоо 518 мянгад хүрлээ.  

АНУ-д 24 цагийн дотор Ковид-19 халдварын 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар авсан нийт хүний тоо 2 сая 770 мянгад хүрээд байна. АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх эмч мэргэжилтэн Энтони Фочигийн зүгээс ирэх өдрүүдэд шинээр илрэх халдварын тохиолдол 100 мянгад хүрэх магадлалтай байна гэж мэдэгджээ. Түүнчлэн  Ковид-19 халдварын шинэ тохиолдол 20-оос 35 насны залуучууд дунд эрчимтэй нэмэгдэж байгаа тул олон хүн цугларсан газраар амны хаалттай явахыг уриалсан байна.

Өчигдрийн байдлаар БНЭУ-д Ковид-19 халдварын 19 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 605 мянгад хүрчээ.  Тэгвэл Энэтхэг улсын хойд нутгийн Бихар мужид өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд болсон хуримын ёслолд оролцсон 111 хүнээс Ковид-19-ийн халдвар илэрчээ. Тус хуримын маргааш нь сүйт залуу нас барсан бөгөөд халдвар авсан байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэтхэгт Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэрэгжүүлж буй шинэ дүрэм журмын дагуу хуримын ёслолд 50 хүртэлх тооны зочин урихыг зөвшөөрч байгаа. Харин хууль сахиулагчдын зүгээс уг арга хэмжээнд яагаад 250 орчим хүн оролцсоныг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Харин Япон улсад Ковид-19 халдвар авсан хүний тоо 18 мянгад хүрчээ. Өчигдөр нийслэл Токио хотод Ковид-19 халдварын 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус хотод сар гаруйн өмнө онцгой байдлыг цуцалснаас хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Токиогийн эрх баригчдын мэдээлснээр шинээр илэрсэн халдварын тохиолдол зургаа дахь өдрөө дараалан 50-аас давсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн ч, хөл хорио тогтоохгүй хэмээн Токио хотын засгийн газраас мэдэгджээ.