Манай улс шинээр халдвар бүртгэгдсэн Бээжин хотын хүнсний захаас хүнсний импорт хийхийг түр хязгаарласан

Өнгөрөгч сард Бээжин хотын "Шиньфади" хүнсний захаас гаралтай Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн ойр орчмын гурван хүнсний захаас Ковид-19 халдвар илэрсэн. Тодруулбал "Шиньфади" захаас авсан вандан, мах, хүнсний ногоо, жимснээс Ковид-19 халдвар илэрсэн байна. Тиймээс БНХАУ-ын өвчин судлалын төвийн эрдэмтэд Коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж үрждэг болохыг мэдээлж, хүнсний чанар аюулгүй байдалд сайтар анхаарахыг сануулсан байдаг.

Тэгвэл манай улс халдвар бүртгэгдсэн хүнсний зах, болон тус бүс нутгаас хүнсний импортыг  өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 7-ныг хүртэл түр хязгаарлаад байгаа юм. Харин Бүгд Найрамдах Хятад Ард улсын хүн болон малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй бусад мужаас импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд бүх төрлийн вирус, нян, хүнд металл, цацрагийн шинжилгээг хийж, шаардлагатай ариутгал халдваргүйтгэл хийж хилээр нэвтрүүлж байгааг онцоллоо. Гэсэн хэдий ч иргэдийг импортын хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний жимс ногоог зориулалтын ариутгалын бодис, содоор сайтар ариутгаж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөлөө. 

Манай улс энэ оны эхний хагаст 8126 аж ахуйн нэгжийн, 8187 нэр төрлийн 323 мянган тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг импортолжээ. Харин БНХАУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлоогүй бөгөөд харин БНСУ, Норвеги болон бусад улсаас 350 орчим тонн загас далайн гаралтай бүтээгдэхүүн импортолсон байна.