Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ

БНХАУ-ын эрх баригчдын баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл албан ёсоор долоодугаар сарын 1 буюу өнгөрөгч лхагва гарагаас эхлэн Хонконгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж эхэллээ. Өнгөрөгч мягмар гарагт уг хуулийн төслийг бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 162 гишүүн бүгдээрээ санал нэгтэй баталсан.

Жил болгоны 7-р сарын 1-нд Хонконг Их Британийн колоничлолоос гарч, хятадын харьяалалд шилжсэний ойн өдөр тохиодог бөгөөд 2003 оноос хойш энэ өдөр Хонконгт хоёр ч удаагийн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байсан юм.

Тэгвэл өчигдөр Хонконгийн оршин суугчид болон Ардчиллын төлөө тэмцэгчид БНХАУ-ын шинээр баталсан хуулийн төслийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Тус жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид нил ягаан өнгийн тугийг жагсагчид руу харуулж , анхааруулга хүргүүлэхэд ашигласан бөгөөд  өмнөх жагсаалуудын үеэр цэнхэр, шар, хар өнгийн тугийг нулимс асгаруулагч хий ашиглах  эсвэл цэргийн хүч гэсэн сануулга өгөхдөө ашигладаг байжээ.  Нил ягаан өнгийн тугийн тухайд Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж, Хонконгийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн утга илэрхийлж байгаа юм.

Одоогийн байдлаар эх газрын Хятадын засгийн газрын дэргэдэх тусгай хүчний анги нэгтгэл 300 орчим босогчдыг баривчилж "Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хууль"-ийн хоёрдугаар зэргийн зөрчил үүсгэсэн хэмээн хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгджээ.

Харин Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри лам уг хууль нь иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боож хаахгүй, харин үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад гарч буй хуулийн цоорхойг нөхөх болно хэмээн тайлбарлаж байгаа юм.

Өнгөрөгч мягмар гарагаас эхэлсэн НҮБ-ын хүний эрхийн 44 дэх чуулганы үеэр куб улсын төлөөлөл Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсныг дэлхийн 52 орон сайшаан хүлээн авсныг мэдэгджээ. Тус мэдэгдэлд аливаа нэгэн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээний гол зарчим юм гэж тэмдэглэжээ. Чуулганы үеэр куб улсын төлөөлөгчийн танилцуулсан хамтарсан мэдэгдэлд олон орон гарын үсэг зурсан бөгөөд тэдгээр орны тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт Германы Канцлер Ангела Меркел хуралд оролцож байх үедээ Хонконгийн асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Харин АНУ-ын засаг захиргаа Хонконгийг цаашдаа БНХАУ-ын нэг хэсэг гэж үзэх болсон тул тус хотод үзүүлдэг худалдаа, бизнесийн онцгой нөхцөлөө цуцалж эхлээд байгаагаа мэдэгдээд байна.