АНУ-д 24 цагийн дотор

    Дэлхий дахинд 24 цагийн дотор "Ковид-19" цар тахлын 183 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 10.9 сая, нас барсан хүний тоо 523 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар халдвар аваад эдгэсэн хүний тоо 6.1 саяд хүрээд байна.

Өчигдөр АНУ-д "Ковид-19" цар тахлын 57 мянган шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн өдөр болж халдвар авсан нийт хүний тоо 2 сая 836 мянгад хүрчээ. Тус улсын Мичиган мужид байрлах шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 300 гаруй хүний 150-аас "Ковид-19" халдвар илэрчээ. Үүнээс үүдэн тус мужийн засаг захиргааны зүгээс үйлчилгээний газруудыг дахин хаах шийдвэр гаргаад байна. Сүүлийн 24 цагийн дотор бразил улсад халдварын 47 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 1 сая 500 мянгад хүрчээ. Ковид-19-ийн халдвар тус улсын нутгийн уугуул хүмүүст хамгийн их хохирол учруулаад байгаа. Бразил улсын ширэнгэн ойн бүс нутагт амьдардаг 112 омог аймаг байдаг бөгөөд тус омгууд дунд аль хэдий нь 10 мянган хүн ковид-19-ийн халдвар авч, 405 хүн амь насаа алдаад байна. Тэгвэл өнгөрөгч мягмар гарагаас эхлэн Чех улсад амны хаалт заавал зүүх шаардлагаа цуцалж, ресторан болон шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг нээжээ. Энгийн амьдралдаа эргэн орсон прага хотын иргэд өнгөрөгч мягмар гарагийн орой "Ковид-19" цар тахлыг үдэх арга хэмжээг 600 жилийн түүхтэй карлын гүүрэн дээр 515 метр урт хоолны ширээ засан өвөрмөц аргаар тэмдэглэсэн байна. Түүнчлэн сүүлийн долоон өдөр дараалан Прага хотод 100,000 оршин суугч тутамд ноогдох халдварын тохиолдол хамгийн ихдээ 5 байсан нь ийнхүү тэмдэглэх бас нэг шалтгаан болжээ.