ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ

         ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо 6-р сарын 25-наас 7-р сарын 1-ны хооронд зохион байгуулсан тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх оросын санал асуулгын дүнг өчигдөр нэгтгэн танилцуулжээ.

Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр саналын хуудсыг 100 хувь тоолж дууссан бөгөөд үүний 77.9 хувь нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.2 хувь нь эсрэг санал өгсөн байна. Түүнчлэн ОХУ-ын хэмжээнд санал асуулгын ирц 67.9 хувьтай байжээ.

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэнээр Владимир Путин дахин 16 жил буюу 83 нас хүртлээ оросын холбооны улсыг удирдах боломжтой болсон байна.

Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш ОХУ-ын ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын албан тушаалыг тасралтгүй хашсан юм.

Тус улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчдад тавигдах шинэ шаардлагаас гадна парламентын эрх мэдлийг өргөжүүлэх талаар тусгагдсан байна.

ОХУ-ын улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ оны нэгдүгээр сард "Холбооны чуулганы хурал"-д илтгэл тавихдаа санал болгосон юм.

Энэ санал асуулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар товлосон байсан боловч "Ковид-19" цар тахлын улмаас 6-р сарын 25 болгож хойшлуулж, халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан долоо хоногийн туршид явуулахаар шийдсэн байжээ.