Хүнсний ногооны хомсдол үүсээгүй байхад зарим ногооны үнийг 500-1000 төгрөгөөр өсгөжээ

    Нийслэлийн статистикийн газраас хүнсний зах, худалдааны төвүүдэд хийсэн ажиглалтын үеэр 15 нэрийн барааны үнэ өссөн болохыг тогтоожээ. Эдгээр 15 нэрийн бараанд хүнсний ногоо, тэр дундаа төмс, лууван, байцаа, манжин, сонгино зэрэг багтсан байна. Мөн иргэдийн зүгээс ч тодорхойгүй шалтгаанаар ногооны үнэ өссөн болохыг хэлж байна.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны судалгаагаар манай улс дунджаар 94,400 тонн хүнсний ногоог тариалж, 54,100 тонн хүнсний ногоог импортоор авдаг гэсэн судалгаа гарчээ. Харин нийслэлийн статистикийн газраас энэ сарын 1-ны өдөр төвийн 6 дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн ажиглалтаар 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлт гарчээ. Харин сүүлийн нэг сар орчмын хугацаанд хүнсний ногооны үнэ эрчимтэй өсөж, зарим хүнсний ногооны үнэ нэг дахин нэмэгдсэн байна.

Энэ сарын 2-ны өдрийн байдлаарх хүнсний ногооны үнийг сүүлийн 4 жилийн мөн энэ үетэй харьцуулбал хүнсний ногооны үнэ өссөн хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас онцолж байна. Тодруулбал өмнө оныхоос төмс, манжин тус бүр нэг дахин нэмэгдсэн бол бусад ногоо 500-1000 төгрөгөөр өссөн байгаа юм. "Ковид-19" цар тахлын үед манай улсад урд хөршөөс орж ирдэг хүнсний ногооны импорт хэвээрээ үргэлжилж байгаа бөгөөд хүнсний ногоог импортоор оруулж ирэхдээ тогтмол ариутгал хийж байгаа юм байна.

Хүчит шонхор, Бөмбөгөр худалдааны төвүүд хүнсний ногоогоо Барс худалдааны төвөөс бөөндөж авдаг . Эдгээр худалдааны төвүүдэд дунджаар төмс 1500-2000, лууван-2000, байцаа-2800, манжин 4000-6000, сонгино-1600 төгрөгийн үнэтэй байна. Жил бүрийн энэ үед ургац хураалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор ногооны хомсдолд орж, үнэ нэмэгддэг хэдий ч энэ жилийн тухайд хүнсний ногооны хомсдол үүссэн асуудал гараагүй үнийн хувьд нэмэгдэх шаардлага байхгүй байгаа юм. Бид дараагийн удаа  албаны хүмүүсээс тодруулга авч мэдээ сурважилга бэлтгэн хүргэх болно.