Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, цагийн хуваарьт хязгаар тавьсан нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг доголдоход хүргэсэн. Улмаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор 4-р сарын 16-наас эхлэн өнөөдрийг хүртэл зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа үе шаттайгаар нээж байна.

Тэгвэл манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдийн дийлэнх нь 10-20 хүнийг ажлын байраар хангадаг жижиг дунд бизнесүүд байдаг. Эдгээр бизнесүүдийн хувьд хөл хорионоос үүдэж хагас жил орчим үйл ажиллагаа нь доголдож хүндхэн нөхцөлд байсаар байна. 

Хөл хорио тогтоосноос хойш 100 хоногийн дотор 46 мянган хүн ажлын байргүй болсныг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлж байсан. Мөн эдийн засгийг сэргээх яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ оны хоёрдугаар хагас гэхэд 250 мянган хүн ажлын байргүй болох судалгааг тус байгууллагаас танилцуулсан байдаг. Дэлхийн дунджаар аж ахуй нэгж компаниуд 28 хоногийн санхүүгийн нөөцтэй байдаг. Гэтэл манай улсын жижиг дунд үйлдвэр, бизнесүүдийн үйл ажиллагаа хагас жилийн турш доголдож хүндхэн нөхцөлд байсаар байна.

Тэгвэл цар тахлаас үүдэж аж ахуй нэгж компаниудын 57 хувийнх нь үйл ажиллагаа доголдсон гэх судалгаа энэ нэгдүгээр улиралд гарч байсан. Харин энэ төрлийн хоёр дах судалгаагаар аан-үүдийн 67 хувь, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт компаниудын 73 хувь нь үйл ажиллагааг нь доголдсон гэсэн судалгааг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байдаг.

Хил хаасантай холбоотойгоор аялал жуулчлалын салбарын 88 хувь нь тэг зогсолт хийж, үүнийг дагаад тээвэр, худалдаа үйлчилгээний салбарт ч хүндээр нөлөөлж байна. Аж ахуй нэгж бизнесүүдийн үйл ажиллагаа тасалдаж байгаа нь дотоодын эдийн засаг муудахад үлэмж хэмжээгээр нөлөөлж байна. Үүнээс үүдэж нэг сая 500 мянган орчим хүн ядууралд шилжихийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас онцолсон байдаг.