Дэлхий дахинд

Өчигдөр дэлхий дахинд Ковид-19 цар тахлын 165 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 11.5 сая, нас барсан хүний тоо 536 мянгад хүрлээ. Харин дэлхий даяар халдвар аваад эдгэсэн хүний тоо 6.5 саяд хүрсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд халдварын тоо өмнөх саруудтай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

Сүүлийн 5 өдөр Ковид-19 халдварын 700 мянга орчим шинэ тохиолдол дэлхий даяар бүртгэгджээ.  Өнгөрөгч ням гарагт Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал "Бидний өмнө энэхүү цар тахлыг туулахад урт зам байгааг эдгээр өдрүүд харууллаа хэмээн хэлсэн бөгөөд тус өдөр дэлхий даяар нийтдээ 189 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд халдварын шинэ тохиолдлын гуравны хоёрыг АНУ, Энэтхэг, Бразил улс бүрдүүлжээ.

Харин ОХУ-д сүүлийн  24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 6736 шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 681 мянгад хүрээд байна. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор Ковид-19 халдварын шинжилгээг 317 мянга гаруй хүнд хийснээр халдварын шинжилгээ хийсэн нийт хүний тоо 21 сая хүрснийг ОХУ-ын эрүүл мэндийн яам мэдэгджээ. Түүнчлэн Ковид-19 халдвар авсан байж болзошгүй 280 мянга орчим хүнийг эмнэлгийн хяналтад авч тусгаарлаад байна.

Өнгөрөгч 7-р сарын 2-нд хөл хориогоо цуцлах төлөвтэй байсан Казакстан улсад Ковид-19 халдварын шинэ тохиолдол эрчимтэй бүртгэгдсэн тул хөл хориог дахин 2 долоо хоногоор сунгах шийдвэрийг тус улсын засгийн газраас гаргасан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар тус улсад Ковид-19 халдварын 1403 тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 48 мянгад хүржээ. Харин өнгөрөгч 6-р сарын 29-өөс хойш Ковид-19 халдварын улмаас нас барсан хүн байхгүй байна.

Тэгвэл өнгөрөгч 6-р сарын 21-ээс Шенгений бүсийн орнуудад хилээ нээсэн Испани улс өнгөрөгч бямба гарагаас эхлэн Европын холбооноос санал болгосон "Аюулгүй" 15 оронд улсынхаа хилээ аажмаар нээхээр болсноо мэдээлжээ. Австрали, Канад, Гүрж, Япон улсын иргэд багтаж байгаа ч  БНХАУ болон  Марокко улсын хувьд Испани улсын иргэдэд хилээ нээх эсэхээс шалтгаална хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.