"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүд анх удаа 5 сар гаруйн хугацаанд хөл хоригдоод байна. Гэтэл хаалттай хаалганы цаана хүүхдийн эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж, гадаа тоглох, найз нөхөдтэйгөө харилцах зэрэг байнгын хэрэгцээ алдагдаад байна.

10 хүртэлх насны хүүхдэд эцэг эх, гэр бүлийн харилцаа хамгийн чухал бөгөөд тэдэнд тоглох нь байнгын хэрэгцээ мэт байдаг. Харин 10-с дээш насны хүүхдэд гэр бүл, үе тэнгийнхэнтэйгээ харилцах хэрэгцээ чухал байдаг байна. Гэтэл "Ковид-19" цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандах эцэг эхчүүд, өсвөр насныхны хандалт нэмэгдсэн байна.

Тэгвэл хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс нийслэлийн 20 гаруй ерөнхий боловсролын сургуульд хийсэн судалгаагаар 5 хүүхэд тутмын 2 нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн цар тахлын үед хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орж байгаа хэдий ч үүнээс өмнө хүүхдэд сэтгэл зүйн асуудлууд тулгардаг байсаар ирсэн байна. Тодруулбал хүүхдэд уцаарлах, өөрийн тухай сөрөг бодол төрөх, бусдыг хэт шүүмжлэх, хоолны дуршил муудах болон хэт ихсэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг 2 долоо хоногоос дээш хугацаанд ажиглагдвал мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах шаардлагатайг  эцэг эхчүүдэд зөвлөдөг байна.

Хүүхдүүд дасан зохицох чадвар сайтай байдаг учраас ойрын хугацаанд "Ковид-19" цар тахлын үеийн хязгаарлагдмал орчинд дасаж, сэтгэл зүйн хувьд тогтвортой байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Харин 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдэд ирэх их ачаалал нь сэтгэл зүйд нөлөөлж болох тул эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна.