БНБУ-д 360 гаруй заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Ботсвана улсад сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн байдалтай олдсон талаар тус улсын байгаль хамгаалагчид мэдээлж байна.

Тус заанууд өнгөрөгч 5-р сарын эхээс Ботсвана улсын нутаг дэвсгэрээс олдож эхэлсэн бөгөөд үхсэн заанаас цуглуулсан сорьцыг шинжилж байгаа боловч шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байна гэж тус улсын засгийн газар мэдэгджээ. Тэгвэл  Их Британи руу илгээсэн шинжилгээний хариу ирэх долоо хоногоос гарах төлөвтэй байна.

Түүнчлэн өнгөрөгч бямба гарагт Их Британийн амьтан хамгааллын байгууллагын төлөөлөгч Найл Макканн тус бүс нутгаар 3 цаг нислэг үйлдэхдээ дахин 169 зааныг цөөрмийн ойролцоогоос олсон байна. Тэрбээр заануудын соёог аваагүй байгаагаас үзэхэд хулгайн антай холбох боломжгүй хэмээн мэдэгджээ. Харин ойролцоо байсан амьд заануудын хувьд хүч тэнхээгүй болсон байсан бөгөөд нэг заан чиглэлээ өөрчилж чадахгүйгээр тойргоор алхаж байсан гэж ажиглагчид мэдээлсэн байна.

Ажиглагчдын зүгээс тус зааныг цөөрмийн уснаас хордсон байх магадлалтай гэж үзсэн боловч бусад төрөл зүйлийн амьтдад заануудтай ижил шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Дэлхийн хамгийн олон заантай Ботсвана улсад 130 мянга гаруй африкийн заан байдаг бөгөөд зааны сэг зэм  олдсон "Окаванго" бэлчирт тус улсын нийт зааны 10 орчим хувь нь амьдардаг байна.