ОХУ-д тарваганы махыг хүнсэнд хэрэглэхийг хориглолоо

   Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн гэж тус нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

Тодруулбал, Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар Баяннуур хотын эрүүл мэндийн хороо анх мэдээлсэн бөгөөд БНХАУ-ын эрх баригчид урьдчилан сэргийлэх болон тахлыг хяналтад авахын тулд  энэ оны эцэс хүртэл гуравдугаар түвшний түгшүүр тогтоох шийдвэрийг өнгөрөгч ням гарагт гаргасан байна. Түүнчлэн Баяннуур хотын эрүүл мэндийн хорооны зүгээс "Хүнээс хүнд дамждаг халдвар тархах эрсдэлтэй байгаа учраас сонор сэрэмжээ дээшлүүлэхийн зэрэгцээ халдвар үүсгэж болзошгүй амьтдыг агнахгүй мөн идэхгүй байх"-ыг олон нийтэд уриалжээ. Мөн Баяннуур хотын эрх баригчдын зүгээс ард иргэддээ хандан, тодорхойгүй шалтгаанаар гэнэт өндөр халуурсан болон нас барсан өвчтөнүүдийн талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэхийг уриалсан байна.

Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн ОХУ-ын Алтайн хязгаарт тарвага агнах болон махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд ажиллаж эхэлсэн байна. Тус улсын Алтайн хязгаар нь Хятад, Монгол, Казахстан улсуудтай хил залгадаг бөгөөд нутгийн уугуул иргэд тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг эртний уламжлалтай юм.

Тэгвэл иргэд Тарваган тахлын халдвар авсан тохиолдолд хоёроос зургаан хоногийн дотор биеийн хэсгүүд харлах шинж тэмдэг илэрдэг учраас дэлхий дахинд Тарваган тахал гэхээсээ илүү "Хар үхэл" гэж нэрлэдэг байна. Өнгөрөгч 2010-2015 оны хооронд дэлхий дахинд Тарваган тахлын нийт 3248 тохиолдол бүртгэгдэж, 584 нас баралт бүртгэгдсэн бол дундад зууны үед Европт Тарваган тахал дэлгэрч 50 сая хүн амь насаа алдсан гэх тооцоолол байдаг байна.