АНУ-д

         Өчигдөр дэлхий дахинд "Ковид-19" цар тахлын 202 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 11.7 сая, нас барсан хүний тоо 540 мянгад хүрлээ. Харин халдвар аваад эдгэсэн хүний тоо 6.6 саяд хүрсэн байна.

Өчигдрийн байдлаар АНУ-д Ковид-19 халварын 47 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 3 саяд хүрчээ. Тус улсын хувьд өнгөрөгч 7-р сарын 4-нд Тусгаар тогтнолын баяраа орон даяар тэмдэглэсэн юм. Тэгвэл тус тэмдэглэлт баярын үеэр АНУ-ын Флорида мужид халдварын 11 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин энэ өдрөөс хойш одоогийн байдлаар тус мужид Ковид-19 халдварын нийт 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж,  зөвхөн Флорида мужид л гэхэд цар тахлаар өвчилсөн хүний тоо 206 мянгад хүрсэн байна.Тэгвэл сүүлийн 24 цагийн дотор Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Ковид-19 халдварын 22 мянга, 500 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн хүний тоо 720 мянгад хүрчээ. Мөн ойрын өдрүүдэд халдварын тохиолдол эрчимжсэн учраас агра хотод орших "Таж махал"-ыг тодорхойгүй хугацаагаар дахин хаах шийдврийг эрх баригчдын зүгээс гаргасан байна.

Харин цар тахлын улмаас дөрвөн сар орчмын турш хаалттай байсан Парис хотын Луврын музей өчигдрөөс эхлэн нээгджээ.

Тухайн музейгээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх, үзэгчдийн тоог хязгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна. Харин уран зургийн галерейд иргэд зай барихад хүндрэлтэй учраас түр хугацаагаар үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байх юм байна. Тэгвэл дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй луврын музейд энэ онд хөл хорио тогтоосны улмаас 40 сая гаруй еврогийн алдагдал хүлээжээ.