Долоодугаар сард хилийн чанадаас 3000 орчим иргэнээ эх оронд нь ирүүлнэ

    Манай улс өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ авто замын болон агаарын боомтоор дамжуулан татан аваад байна. Долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар 40 гаруй улс орноос 11428 иргэн эх орондоо иржээ. Харин энэ сард авто замын болон агаарын боомтоор дамжуулан 3000 орчим иргэнээ эх оронд нь ирүүлэх урьдчилсан тов гарсан. Эдгээр иргэдийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 42 байрны нөөц бололцооноос хамаарч, хуваарилах юм байна.

Манай улс 1-р сарын 27-оос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоож, өнгөрсөн 6 сарын хугацаанд хүндэтгэх шалтгаантай иргэдээ 40 улс, орноос татан авалт хийгээд байгаа. Ингэхдээ тусгай үүргийн 28 нислэг үйлдэж агаарын замаар 5840 иргэнээ татан авсан бол, Алтан булаг болон Замын-Үүдийн авто замын боомтоор 5588 иргэнээ татан авчээ. Иргэдийг анх 3-р сар хүртэл 14 хоног тусгаарлан ажигладаг байсан бол манай улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тусгаарлалтын хугацааг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар орон нутгийн 17, Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 25 байранд зургаадугаар сард эх орондоо ирсэн 2763 иргэнийг тусгаарлаад байна. Харин тусгаарлах байрнаас дараагийн шат руу буюу гэрийн ажиглалтад 1555 хүн байгаа юм байна.

Энэ сард манай улс тусгай үүргийн 10 удаагийн нислэг үйлдэж, 2480 иргэнээ татан авахаар болсон. Мөн авто замын боомтоор 500 гаруй иргэнээ татан авч ирэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Сөүл, Токио хотоос болон Алтанбулаг, Замын-Үүдийн авто замын боомтоор дамжуулан иргэдийн эхний ээлж ирээд байгаа юм. Ийнхүү нислэгийн тоо 10 орчим байгаа нисэх компанийн нислэгийн багийн нөөц бололцоо болон тусгаарлах байрны хүрэлцээ, тусгаарлах байрт ажиллах ажилчдын тооноос хамаарч сард 3000 орчим иргэндээ Монгол улс хилээ нээх боломжтой байгаа гэлээ. Хэрэв тусгаарлах байр суларвал 7-р сарын сүүлээр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн гэж мэдэгдлээ.

Иргэдийн зүгээс зарим тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбогдуулан гомдол мэдүүлээд байгаа. Тэгвэл УОК-ын шуурхай штабаас тусгаарлах байрны талаар болон хилийн чанадаас ирчхээд тусгаарлах байрт удаа дараа асуудал үүсгэсэн иргэдийн талаар тусгайлсан мэдээлэл хийхээр төлөвлөжээ.