Ус зайлуулах шугамын стандарт байдаггүйгээс болж шинээр барьсан замууд борооны усанд амархан эвдэрч байна

Нийслэл хотод ойрын өдрүүдэд орсон борооны нөлөөгөөр зарим авто замын чанар шалгалтад бүдэрлээ. Хэдийгээр сүүлийн гурван жилийн байдлаар 8.2 км авто зам дагуу ус зайлуулах шугам сольсон ч тодорхой стандартгүйгээс болж чанарын шаардлага хангахгүй хэвээр байна. Гэтэл энэ сарын эхээр орсон бороо үер  болж, улмаар ус зайлуулах хоолойг бөглөж, их хэмжээний  ус авто зам дээр үүсгээд байна. Тиймээс энэ зун үе шаттайгаар ус зайлуулах шугам хоолойг засварлах, солих, нэгдсэн стандарттай болгох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Манай улсад авто замын ус зайлуулах шугам барих нэгдсэн стандарт байдаггүй. Мөн гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалж, авто замын дагуух ус зайлуулах хоолойг хийх, хийхгүй тохиолдол байдаг байна. Харамсалтай нь хийгдсэн ч ус зайлуулах хоолой нь  шаардлага төдийлөн хангадаггүй байна. Учир нь ус зайлуулах хоолойд барилгын материалын хаягдал болон ил задгай хаягдсан хог орж бөглөрснөөр хүчин чадлаа дийлэхгүй борооны усыг зайлуулж чадахгүй байгаа нь асуудал болж байна.

Хотын төвийн хэсгийн борооны ус зайлуулах далд сүлжээс нь 1970-1980 оны хүчин чадлаар тооцож баригдсан.  Гэтэл өнөөдрийн байдлаар ачааллаа даахгүйд хүрч, хуучирч  элэгдэн улмаар ус шингээх  шороон гадаргуу багасаж,  бетонон зам талбай ихсэж байгаа нь ашиглалтын нөхцөлийг хүндрүүлдэг байна. Жилийн жилд зам засварын ажил хийж, авто замуудыг өргөтгөн, шинээр зам тавьж байгаа ч хажууд нь ус зайлуулагч суурилуулах нь тун цөөн байна. Ус зайлуулах шугамын стандарт гэж байдаггүйгээс үүдэн шинээр барьсан зам борооны усанд амархан эвдэрч ганц хоёрхон жил болоод л  дахин засварлах хэрэгтэй болдог. Цаашид шинээр баригдах авто замын чанарын шаардлага хангаж байгаа тал дээр авто замын хөгжлийн газрын газраас ажлын хэсэг гарган ажиллуулахаар  шийдвэр гаргасан.