"Ковид-19" цар тахлын улмаас хүүхдүүд анх удаа зургаан сарын хугацаанд хөл хорионд орж, гэртээ байхаас өөр гарцгүйд хүрсэн. Гэвч урт хугацаанд гэртээ байж, өмнө нь тулгамдаж байгаагүй асуудалтай тулгарсан хүүхдүүд хичээлийн жил эхлэхэд сэтгэл зүйн олон асуудалтай тулгарч болзошгүй байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дунд, ахлах анги буюу өсвөр насандаа сэтгэл зүйн олон бэрхшээлтэй тулгардаг. Гэвч хүүхдүүд эдгээр асуудлаа хэрхэн шийдвэрлэх, хэнд хандахаа мэддэггүй байна. Сурагчдын сэтгэл зүйд ангийн найз нөхөд, багш нар, сургуулийн орчин чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл хүүхдүүд өөрт тулгарсан аливаа асуудлыг нийгмийн ажилтан, багш нартаа хэлж чаддаггүй учир ихэнх тохиолдолд үе тэнгийнхэндээ л ярьдаг.
Сурагчид "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд 4 сарын хугацаанд сургуульдаа явж чадахгүй байсаар зуны амралт эхэлсэн. Урт хугацаанд гэртээ байсан сурагчдад 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд гэнэтийн их ачааллын улмаас сэтгэл зүйн асуудал тулгарч болзошгүй.
Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч байснаар зөвхөн сурагчдад төдийгүй тухайн хүүхдийн гэр бүл, сургуулийн багш, ажилчдад хүрч ажиллах боломжтой юм. Мөн сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш сурагчидтай хамгийн ойр байдаг хэдий ч сэтгэл зүйн зөвлөгөө өгч чаддаггүй байна.