Дэлхий дахинд

Өчигдөр дэлхий дахинд "Ковид-19" цар тахлын 193 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 11.9 сая, нас барсан хүний тоо 546 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д "Ковид-19" халдварын 46 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн хүний тоо 3 сая 97 мянгад хүрчээ. Тус улсын Флорида мужид ойрын өдрүүдэд халдварын шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдэж, тус мужийн эмнэлгийн ор хүрэлцэхээ болиод байна. Флорида мужид байрлах нийт 45 эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүргэлт 90 болон түүнээс дээш хувьтай байгаа юм. Сүүлийн 24 цагийн дотор тус мужид Ковид-19 халдварын 7 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж,  зөвхөн Флорида мужид л гэхэд цар тахлаар өвчилсөн хүний тоо 213 мянгад хүрсэн байна.

Харин Латин Америкийн Бразил улсад "Ковид-19" халдварын 45 мянган шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдэж, цар тахлаар өвчилсөн нийт хүний тоо 1 сая 674 мянгад хүрчээ. Тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонару-д "Ковид-19" халдварын шинж тэмдэг илэрч шинжилгээ хийж үзэхэд халдвар авсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн тэрбээр "Биеийн байдал сайн байгаа тул санаа зовох хэрэггүй" хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.

Өнгөрөгч 5-р сард Өмнөд Солонгос улсад шөнийн цэнгээний газруудаар Ковид-19-ийн халдвар тархаж, цар тахлын 2 дахь давлагаа үүсээд байсан юм. Тэгвэл тус улсын эрх баригчдын зүгээс тэдгээр газруудаар үйлчлүүлж, халдвар авсан нийт 246 хүнийг олж тогтоосноо мэдээлжээ. Түүнчлэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 58 мянган хүнийг "Ковид-19" халдварын шинжилгээнд хамруулсан байна.