БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт  "Үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл" албан ёсоор энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын "Тикток"" апплекейшн Хонконгийн зах зээлээс гарахаа өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ. Түүнчлэн энэ долоо хоногт "Фэйсбүүк" болон "Твиттер" Хонконгийн цагдаа нартай хэрэглэгчийн мэдээллийн талаар хамтран ажиллахаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

Тэгвэл "Тикток" апплекейшнийг  хариуцагч "byte-dance" компанийн хэвлэлийн төлөөлөгчийн зүгээс "Сүүлийн үед Хонконгт болсон үйл явдлуудтай холбогдуулан ойрын өдрүүдэд "Тикток" апплекейшний Хонконг дахь үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн" гэж өнгөрөгч мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

"Тикток" апплекейшний хувьд, сүүлийн үед хэрэглэгчдийн тоо нь буурч байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сарын 1-нд Энэтхэг улсын засгийн газраас тус апплекейшнийг ашиглахыг хориглох шийдвэрийг гаргасан юм. Мөн түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ойрын өдрүүдэд "Тикток"  тэргүүтэй БНХАУ-ын нийгмийн сүлжээний бусад апплекейшнийг хориглох талаар судалж байгаа гэж мэдэгдээд байна.

Түүнчлэн тэрбээр ярилцлагын хамгийн сүүлд " Хувийн мэдээллээ БНХАУ-ын Комминуст намын гарт оруулмаар байвал, эх газрын Хятадад төвтэй апплекейшнийг хэрэглээрэй" хэмээн анхааруулсан байна.  БНХАУ-д төвтэй "BYTE-DANCE" компани нь богино дүрс бичлэг байршуулдаг "Тикток" апплекейшнийг эх газрын Хятадаас гаднах хэрэглэгчдэд зориулан 2017 онд гаргаж, дэлхий даяар нийт 2 тэрбум хүн татаад байжээ. Харин БНХАУ-ын хэрэглэгчдийн хувьд тус компанийн "Доу-Ин" нэртэй ижил төрлийн апплекейшнийг ашигладаг байна.