АНУ-д

Өчигдөр дэлхий дахинд "Ковид-19" цар тахлын 222 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 12.3 сая, нас барсан хүний тоо 557 мянгад хүрлээ. Харин халдвар аваад эдгэсэн хүний тоо 7.1 саяд хүрсэн байна.

Өчигдөр АНУ-д 24 цагийн дотор “Ковид-19”  халдварын 62 мянган шинэ тохиолдол илэрсэн нь  хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдсэн өдөр болж халдвар авсан нийт хүний тоо 3 сая 219 мянгад хүрээд байна. Тус улсын Охайо мужийн их сургуулиудад "Сайн дурын үйл ажиллагааг" оюутан сурагчдын дунд зохион байгуулахыг түр хугацаагаар хоригложээ.  Тодруулбал тус муж дахь 2 их сургуулийн 35 сайн дурын ажилтан  "Ковид-19" халдвар авсан нь тогтоогджээ.

Харин Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 25 мянган тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо гэж тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн бөгөөд  сүүлийн таван өдөрт Ковид-19 халдварын 120 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Тэгвэл халдварын тархалт харьцангуй тогтворжоод байсан испани улсад халдварын шинэ голомт үүссэн байх магадлалтай талаар эрх баригчид мэдэгджээ. Өчигдөр тус улсад "Ковид-19" халдварын 543 шинэ тохиолдол илэрснээр цар тахлаар өвчилсөн хүний тоо 300 мянгад хүрсэн байна. Түүнчлэн халдварын ихэнх шинэ тохиолдол бүртгэгдсэн  Галисиа хотод хөл хориог дахин сунгах шийдвэрийг эрх баригчид гаргаад байна.