АНУ-ын эрх баригчид 17 жилийн дараа анх удаа цаазын ял гүйцэлдүүлнэ

Ирэх долоо хоногт АНУ-ын эрх баригчид 17 жилийн хугацаанд анх удаа холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн 3 гэмт хэрэгтнүүдийн цаазын ялыг гүйцэтгэхээ мэдэгджээ. Хамгийн сүүлд 2003 онд АНУ-ын эрх баригчид цаазын ялыг улсын хэмжээнд Техас мужид гүйцэтгэж байсан юм. Тус улсын түвшинд цаазын ялыг гүйцэлдүүлэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд АНУ-д энэ төрлийн ялыг 25 мужийн эрх баригчдын түвшинд гүйцэтгэдэг байна. Тэгвэл 17 жилийн дараах цаазын ялыг ирэх даваа гарагаас АНУ-ын Индиана мужийн хорих газарт гүйцэлдүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал долоо хоногийн хугацаанд, тус мужийн хорих газарт хоригдож байгаа цаазын ялтай гурван хоригдолд "Үхэлд хүргэх нэг тун тариа" тарих бөгөөд тус 3 гэмт хэрэгтэн гурвуулаа бага насны хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан юм байна

Цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд гэмт хэрэгтнүүдийн болон хохирогчдын ар гэрийнхэн оролцох боломжтой боловч "Ковид-19" халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн болгон амны хаалт зүүх ёстой байна. Түүнчлэн 1980 оноос хойших тус улсад цаазын ял авсан ихэнх гэмт хэрэгтнүүд хар арьстан болон Хиспани буюу өнгөт арьстан иргэд байсан бол тус 3 гэмт хэрэгтэн бүгд цагаан арьст иргэн байгаа юм.