Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дарь-эхийн уулзвараас хойш шинэ эцсийн буудал хүртэлх 3,3 км замын засварын ажлыг 7-р сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Гэвч хичээлийн шинэ жил эхэлж, ачаалал нэмэгдэж байгаа энэ үед зам засварын ажил дуусаагүй, зам нээгдэх хугацаа тодорхой бус байна.
Дарь-эх орчмын авто замд борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар замын эвдрэл үүсдэг боловч 2010 оноос хойш засвар, шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй байна. Тиймээс энэ жил зам засварын ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 3,3 км замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулж, гэрэлтүүлэг, явган хүний зам зэргийг хийх болсон. Гэвч засварын ажил дуусах хугацаа сунгагдаж, 8-р сарын 27-ны өдөр замыг бүрэн нээнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл зам хаалттай хэвээр байгаа юм. Авто замын засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж буй Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад замыг бүрэн хүлээлгэж өгөх хугацаа 9-р сарын 30 байсан. Харин замын хөдөлгөөнийг нээх хугацаа 9-р сарын 1-нээс өмнө гэсэн боловч үргэлжилсэн борооны улмаас ажил саатсан болохыг хэлж байна. Зам нээгдээгүй нь улмаас оршин суугчид ажилдаа явах, хүүхдүүдээ хичээл, сургуульд нь хүргэхээр 3 буудал газар алхаж байгаа юм.