Өчигдөр дэлхий дахинд "Ковид-19" цар тахлын 260 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 25.9 сая, нас барсан хүний тоо 861 мянгад хүрлээ. Харин халдвар аваад эдгэсэн хүний тоо 18.1 саяд хүрсэн байна. Тэгвэл өнгөрөгч 4-р сард “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд нийт 1.5 тэрбум хүүхэд хөл хорионд ороод байсан юм. Хичээлийн шинэ жил дэлхийн өнцөг булан бүрд эхэлж, “Ковид-19” цар тахалтай дасан зохицсон хүүхдүүд хичээл сургуульдаа эргэн оржээ.
Европ тивийн ихэнх улсууд хичээлийн шинэ жилийг амны хаалттайгаар эхлүүлж, сургууль, бие тамирын талбайн ойролцоо ариутгалын бодис олноор байрлуулжээ. Түүнчлэн нэг цаг тутам суралцагчдын халууныг хэмжиж, нийгмийн биет харилцааг хязгаарлан хичээллэхийг Испани улсын засгийн газраас үүрэг болгон өгсөн байна. Тус улсын засгийн газраас ямар нэгэн байдлаар сурагчдад “Ковид-19” халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй сургуулийг түр хугацаанд хаах санамжийг хүргүүлжээ.
Мөн түүнчлэн холбооны Бүгд Найрамдах Сомали улсад тодорхой ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан хичээлийн шинэ жил эхэлжээ. Тус улсын нийслэл дэх сургууль суралцагчдынхаа тоог 25-аас 12 болгон цөөрүүлсэн бөгөөд амны хаалт заавал зүүх зөвлөмж хүргээгүй байна. Харин тус сургуулиудын удирдлагуудын зүгээс олон хүнтэй харилцахаас зайлсхийж, хичээлийн завсарлагааны цагаар сурагчдыг гадаа гарч, тоглохыг хоригложээ.
Тэгвэл “Ковид-19” цар тахлын эхэн үед халдварын голомт байсан Бүгд Найрамдах Хятад ард улсын Ухань хотод хүүхдүүд сургуульдаа явж эхэллээ. Тус хотод байрлах бүх үе шатны сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээсэн төдийгүй энэ хичээлийн жилд 1.4 сая орчим хүүхэд сургуульдаа эргэн оржээ. Амны хаалт заавал зүүх шаардлагыг суралцагчдад хүргүүлсний зэрэгцээ аль болох нийтийн тээврээр зорчихгүй байхыг тус хотын захирагчийн алба уриалсан байна.
Хөл хорионд 5 сар байсан Иордан улсын 2 сая хүүхэд энэ мягмар гарагаас эхлэн хичээлдээ явж эхэлжээ. Тус улсын нийслэл дэх нэг ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд сурагчдаа хоёр хэсэг болгож хичээллэх болсон ч, цагаач иргэдийн хуаранд “Ковид-19” халдварын шинэ тохиолдол хамгийн их бүртгэгдсэн тул тус хуаран дахь сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар дахин хаах шийдвэр гаргасан байна.