Австралийн сэтгүүлчийг БНХАУ-ын тал саатуулжээ

Бүгд Найрамдах Хятад ард улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг Австралийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Чэн Лэй-г эх газрын Хятадын эрх баригчид саатуулснаа мэдэгджээ. Тодруулбал Бүгд Найрамдах Хятад ард улсын эрх баригчид тус сэтгүүлчийг саатуулсан талаарх албан ёсны мэдэгдлийг өнгөрөгч наймдугаар сарын 14-нд Австрали улсын гадаад хэргийн сайдад ирүүлсэн байна.

Одоогийн байдлаар Австралийн Сэтгүүлч Чэн Лэй-г ямар шалтгаанаар саатуулсан талаарх албан ёсны  мэдээлэл байхгүй байгаа ч, түүнийг хэд хэдэн  байршилд ажиглалт хийсэн гэж буруутгаад байгаа хэмээн тус улсын "АВС" суваг мэдээлжээ. Харин түүний саатуулагдсан мэдэгдлийг хятадын талаас хүргүүлсний дараа саатуулах байрт байгаа Чэн Лэйтэй Австрали улсын нэр бүхий төлөөлөгчид өнгөрөгч наймдугаар сарын 27-нд цахимаар уулзалт хийсэн байна.

Австралийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Чэн Лэйн тухайд 2012 оноос хойш Бээжин хотод төвтэй "CGTN"-д телевизийн сувагт ажиллаж байгаа боловч тус сувгийн цахим хуудсан дээр түүний хувийн мэдээлэл байхгүй байгаа юм. Түүнчлэн бизнесийн шоуны нэвтрүүлэгч тэрбээр Квинслендийн их сургуульд худалдааны чиглэлээр суралцаж төгсөж,  ази-номхон далайн үйл явдлын талаар мэдээлэх Хятадын сурвалжлагчаар есөн жил "CNBC" сувагт ажиллажээ.