Дэлхий даяар эрдэмтэд ковид-19 цар тахалтай тэмцэх эсрэг үр дүнтэй, аюулгүй вакциныг гарган авахаар ажиллаж байгаа юм. Олон улсын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, уг вакциныг ирэх оны дунд үеэс дэлхийн өнцөг булан бүрт хүргэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар ковид-19 цар тахлын вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударга, эрх тэгш байдлаар хуваарилах зорилготой олон улсын "ковакс" холбоонд нийт 76 улс орон нэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон тахлын бэлэн байдлын эвсэлтэй хамтран нэвтрүүлсэн олон улсын ковакс холбоонд нэгдэх талаар бүгд найрамдах Хятад ард улстай яриа хэлэлцээ хийж байгаа ч хэлэлцээрт гарын үсэг зураагүй гэж тахлын бэлэн байдлын эвсэлийн дарга Сет Беркли мэдэгдсэн байна. Харин тус холбоонд Америкийн нэгдсэн улс оролцох сонирхолгүй байгаа тухайгаа цагаан ордны төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн байна. Улс орон болгон өөрсдийн вакциныг гарган авахаа ажиллаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсын хувьд 31.7 тэрбум воныг вакцин гарган авахад шаардлагатай материалуудад зарцуулах бол 7.4 тэрбум воныг амьтад дээр эмнэлзүйн туршилт хийхэд зарцуулна гэж тус улсын сангийн яам мэдэгджээ. Түүнчлэн ирэх онд хүний бие дээр ковид-19 халдварын вакцины эмнэлзүйн туршилт хийхэд 171.4 тэрбум воныг зориулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор Бүгд Найрамдах Солонгос улсад ковид-19 халдварын эсрэг эмийн нэгдүгээр шатны туршилтыг хүний бие дээр явуулах зөвшөөрлийг өнгөрсөн сард тус улсын эрүүл мэндийн яам олгожээ.харин ковид-19 халдварын эсрэг вакцин хамгийн эхэнд гарган авсан гэх оросын холбооны улсын биотехнологийн "Вектор" шинжлэх ухааны төвийн эмнэлзүйн туршилтын нэгдүгээр шатанд оролцсон бүх сайн дурынханд эсрэг биет үүссэн талаар оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдэгдэлд эхний туршилтад оролцсон сайн дурын 9 хүнд эсрэг биет үүссэн төдийгүй вакцины эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шатанд сайн дурын 86 хүн оролцоно гэж мэдэгджээ. Бүгд Найрамдах Хятад ард улсын эмийн компаниуд ковид-19 халдварын эсрэг эмнэлзүйн туршилтдаа байгаа 9 вакциныг гарган авсан бөгөөд ойрын хугацаанд дэлхий даяар худалдаанд гарна хэмээн тус улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдээд байна. Түүнчлэн тэрбээр эдгээр стандартын шаардлагын дагуу гарган авсан вакцинууд бөгөөд бэлэн болсон тохиолдолд дэлхийн хүн амд нэн дариу тараахаа цохон тэмдэглэсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвшөөрөл авсан ковид-19 халдварын эсрэг вакцин байхгүй ч, ирэх 2021 оны эцэс гэхэд 2 тэрбум вакциныг үйлдвэрлэхээр олон орны эрдэмтэд тасралтгүй ажиллах юм байна.
