Иргэд 1072 хувьцааны ногдол ашигаа авахын тулд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай. Харин дансгүй иргэдийн тухайд И-баримт системээр дамжуулан ногдол ашгаа авах боломжийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс бүрдүүлж өгсөн. Тэгвэл иргэд нэг удаа л И-баримт системээр ногдол ашигаа авах боломжтой бөгөөд цаашид заавал үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай юм байна. Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө энэ сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн арилжааны банкны данс руу шилжиж эхэлсэн. Монгол улсын 2 сая 512 мянга 768 иргэн нийт 2,2 тэрбум ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд өчигдрийн байдлаар ногдол ашигаа авахаар 875 мянга гаруй иргэн арилжааны банкны дансаа баталгаажуулжээ. Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн тухайд ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгох юм байна. Ингэхдээ мөн И-баримт системд хандан хүүхдийнхээ овог, нэр, регистрийн дугаараар шинээр бүртгэл үүсгэхэд автоматаар хүүхдийн тэтгэмж авах дансыг санал болгох юм байна.