Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто машины зогсоол хүртээмжгүй байна

Бидний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй байх шаардлагатай байдаг. Хамгийн энгийнээр явган хүний зам, нийтийн тээвэр, гэрлэн дохио болон аливаа үйлчилгээний газрын орох, гарах хаалга, шат зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй байх ёстой . Гэтэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулдаг зүйлсийн нэг бол олон улсын стандартад нийцсэн зориулалтын авто машины зогсоолын хүртээмжийн асуудал юм. Тиймээс үйлчилгээний байгууллага, орон сууц зэргийн авто машины зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто машины зогсоолыг шийдэж өгөх шаардлагатай байна. Манай улсын хэмжээнд 2019 оны байдлаар нийт 107 мянга 75 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгджээ. Үүнээс зориулалтын авто машины зогсоол ашиглах хамгийн их шаардлага тулгардаг хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй 21 мянга 545 иргэн байгаа юм. Гэвч эдгээр иргэдэд зориулсан авто машины зогсоол хүртээмжгүй буюу тоотой нэг, хоёр газар байгаа хэдий ч зориулалтын бус тээврийн хэрэгсэл зогссон байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулдаг болохыг хэллээ. Олон улсын стандартад зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудлын авто машины зогсоолын өргөн 2,45 метр, том оврын буюу ачаа тээврийн машины зогсоолын өргөн 3 метр 35 см, урт нь 5 метр байна. Мөн зориулалтын зогсоолын хажууд дунджаар 1,5 метрийн өргөнтэй тэргэнцэр, өргүүр гэх мэт туслах хэрэгсэл байршуулах орон зайг төлөвлөж, ташуу зураасаар тэмдэглэх шаардлагатай. Халамж үйлчилгээний төв, эмнэлэг, түргэн тусламжийн төв, сувилал зэргийн үйлчилгээнд хандах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ачаалал их байдаг тул эдгээр газруудад зориулалтын авто зогсоолыг нийт зогсоолын 10 хувьд байхаар тооцож, төлөвлөх шаардлагатай юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан авто машины зогсоолыг ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан ашиглах боломжтой байдаг байна.тиймээс албан байгууллага, орон сууц бүрийн авто машины зогсоолд зориулалтын тэмдэглэгээ бүхий стандартад нийцсэн зогсоолыг шийдэж, тухайн авто зогсоолд бусад тээврийн хэрэгслийг байршуулахгүй байх шаардлагатай юм.