Дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосны улмаас амьтны хүрээлэн, үзвэр үйлчилгээний газрууд болон циркийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсонги байдалд ороод байгаа. Тэгвэл холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотын Кроне циркийн ажилтнууд санхүүгийн хямралд орсон циркээ аврахын тулд тэжээвэр арслангийн ялгадсыг хүмүүст худалдаалж эхэлжээ. Санхүүгийн хямралд орсон тус циркэд нийтдээ 26 арслан байгаа бөгөөд арслангийн нэг шил ялгадасыг 5 еврогоор зардаг байна. Түүнчлэн олсон орлогийн 30 хувийг нь циркийн амьтдын аюулгүй байдал, сайн сайхны төлөө хандивлахаа Кроне циркийн арслан сургагч Мартен онцолжээ. Арслангийн ялгадас асуусан оршин суугчид байсан бөгөөд ургуулсан цэцэг болон цэцэрлэгээс нь муур, нохойг холдуулах зорилготой гэж хэлсэн нь шинэ бизнесийн үндэс болсон гэж тэрбээр хэлжээ.