Грек улсын Лесбос арал дээр байрладаг цагаачдын хуаранд өчигдөр өглөө гал гарч оршин суудаг 13 мянган цагаач иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Өнөөдрийн байдлаар цагаачдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ гал түймрийг унтраах ажилд бүс нутгийн 25 гал сөнөөгч, 10 галын машиныг дайчилжээ.
Гал түймэр гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд амиа алдсан цагаач иргэдийн талаарх мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм. Уг асуудлаар Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнөөдөр орон нутгийн эрх баригчидтай яаралтай хуралдахаар товлоод байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр "Мориа" нэртэй тус цагаачдын хуаран бүхэлдээ сүйдэж, 13 мянга орчим хүн гэр оронгүй болжээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт тус хуаранд Сомалийн 40 настай дүрвэгчээс “Ковид-19”-ийн халдвар илэрсэн талаар Грек улсын цагаачлалын асуудал хариуцсан яамны төлөөлөгч мэдэгдээд байсан юм. “Ковид-19” халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус хуаранд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байжээ. Харин өнөөдрийн байдлаар цагаачдын хуаранд “Ковид-19” халдварын нийт 35 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас хамаарч энэ тоо ойрын өдрүүдэд өсөх өндөр магадлалтай байна.