Иргэдээс ирж байгаа санал гомдлын дагуу өчигдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компанийн үйл ажиллагаа болон тусгай үүргийн нислэгийг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцлаа. Уулзалтын үеэр тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифыг тодорхой хэмжээнд бууруулах ямар боломж байгаа талаар мэдээлэл солилцож, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "МИАТ" компанийн нислэгийн үнэ, тарифын задаргааг улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ. "МИАТ" компани 2020 оны эхний хагас жилд 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан хэдий ч "Ковид-19" цар тахлын улмаас хасах 16,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 754 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан байна. Иргэдийн зүгээс МИАТ компанид тусгай үүргийн нислэг хийж эхэлснээс хойш 12 өргөдөл, гомдол ирүүлжээ. Харин тус компанитай холбоотой сошиалд тархсан санал, гомдлын талаар нэмэлт судалгаа хийх юм байна. Хэдийгээр "МИАТ" компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа ч зорчигчийн тийзийн үнэ дээр нэмэгдэж байгаа илүү зардал байхгүй болохыг байгууллагын удирдлагууд хэллээ.
"МИАТ" компани нь өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай аж ахуй нэгжид хамаардаг учир бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хэт өндөр тогтоож болохгүй гэх хуулийн зохицуулалттай байдаг байна. Мөн "Азиана Эйрлайнс", "Хүннү Эйрлайн" компаниас авиа компаниудыг зэрэгцээ түвшинд аваачих саналыг улсын онцгой комисст ирүүлсэн учир тус компаниудыг чартер нислэгт хамруулах асуудлаар засгийн газарт санал хүргүүлэх болжээ. Энэ ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тийзийн үнийг бууруулах боломж байгаа эсэх, аль чиглэлд үнэ илүү буурах боломжийн талаар эргэн судалж, хариу мэдэгдэхийг "МИАТ" компаниас хүсчээ.