Түр журам батлагдсаны дараа шаардлага хангасан

"Ковид-19" цар тахлын улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо энэ жил хумигдсан. Тодруулбал цэцэрлэгт 2 насны хүүхдийг хамруулахгүйгээс үүдэж, энэ хичээлийн жилд гэртээ үлдэх эсвэл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Харин энэ жил хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2 тэрбум төгрөгөөр баталсан учраас тодорхой тооны 2 настнууд хүүхэд харах 160 гаруй төвөөс сонгон хамрагдах боломжтой. Тэгвэл энэ сарын 15-аас хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан "Хүүхэд харах төв"-үүдийн үйл ажиллагааг эхлүүлэх юм байна. Одоогоор энэ үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон "Түр журам" хүлээгдэж байна.

ҮСХ-ны тоон мэдээллээр 2019 онд 1 настай буюу энэ жил 2 нас хүрсэн 77.500 гаруй хүүхэд байна. Жилд дунджаар 2 настнуудын 48.000 орчим нь цэцэрлэгт хамрагддаг ч энэ жилийн тухайд цар тахлын улмаас гэртээ үлдэхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Харин үүнийг шийдвэрлэх зорилгоор 2020 оны 8-р сарын 28-нд хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх төсвийг 2 тэрбум төгрөгөөр баталж, улмаар зөвхөн  2 настнуудыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсон.

Улсын хэмжээнд хүүхэд харах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй төв бий. Эдгээр төвийн 140 орчим нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийслэлийн 2 настнуудын тодорхой хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Тодруулбал эцэг эхчүүд дүүрэг бүрт байрлаж буй хүүхэд харах үйлчилгээний төвөөс сонгон хамрагдана. Гэхдээ юун түрүүнд холбогдох шаардлагуудыг зайлшгүй хангасан байх шаардлагатай. Тэгвэл одоогоор БШУЯ-аас "Хүүхэд харах үйлчилгээний төв" хэрэгжүүлэх түр журмыг боловсруулсан. Одоогоор батлуулах ажил хүлээгдэж байна. Үүнтэй зэрэгцэн холбогдох байгууллагууд хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасныг шалгасны үндсэн дээр үйл ажиллагааг эхлүүлнэ.

Хэдийгээр хүүхэд харах үйлчилгээний төсөв хэдийгээр батлагдсан ч энэ нь хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардалд зарцуулагдана. Дунджаар нэг хүүхдэд 140 мянган төгрөг зарцуулдаг. Харин эцэг эхчүүдийн хувьд төрөөс олгож буй зардлын 60 хувиас хэтрэхгүй зардлыг буюу сард дунджаар 80-90 мянган төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний төлбөрт төлөх үүрэгтэй. Түүнчлэн нэг асрагч багшид 2 насны 5 хүүхэд ногдох байдлаар хичээллэнэ.

Хоёр настнууд дархлаа, эрүүл мэндийн хувьд эмзэг учраас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төвүүд шаардлага хангаж байна уу, хүүхэд харах үйлчилгээг явуулах хүмүүс бэлтгэлээ хэрхэн хангаж байна гэдэгт эцэг, эхчүүд ч анхаарч, сонголтоо зөв хийх шаардлагатай.