Гадаадад хүнд байдалд орсон 15 иргэнээ энэ сарын 14-нд тусгай үүргийн нислэгээр эх оронд нь ирүүлнэ

Гадаадад санхүүгийн хүндрэлд орсон, орон байргүй, нутаг буцах зардалгүй болсон иргэдэд "хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан"-аар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эхний ээлжийн иргэдийн судалгааг хийсэн бөгөөд 9-р сарын 14-нд франкфурт-улаанбаатарын чиглэл дэх тусгай үүргийн нислэгээр европын холбооны улс орнуудад хүнд байдалд орсон 15 хүнээ бүрэн болон хэсэгчилсэн байдлаар зардлыг төлж ирүүлэхээр болжээ. Мөн "олон улсын шилжилт хөдөлгөний байгууллага"-аас манай улсын 80 хүний буцах зардлыг төлж, тусламж үзүүлэхээр болсон байна. Манай улсын 12 мянга орчим иргэн 48 улс орноос нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Гэхдээ эдгээр иргэдийн тодорхой хувь нь хүний нутагт гацаж, санхүүгийн хүндрэлд орж, орон байргүй болсон, нутаг буцах ч чадамжгүй байгаа. Тиймээс УОК-оос КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр зориулсан иргэдийн хандив тусламжийн мөнгөнөөс 300 сая төгрөгийг "Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан"-д шилжүүлсэн.  Ингэхдээ онгоцны тасалбар авах, тусгаарлах байрны зардалд төлөх зэргээр зарцуулж, журам гаргахаар болсон. Тэгвэл 8-р сарын 28-аас судалгааны ажил явагдаж эхний ээлжид нутаг буцах иргэдийн нэрс гарчээ. Түүнчлэн хилийн чанадад хүнд байдалд орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага манай улсад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байна. Хилийн чанадад байгаа зарим иргэд санхүүгийн хүндрэлд орсон, орон байргүй, нутаг буцах зардалгүй болсон гэдгийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу олон шалгуураар шалгаж, анхан шатны шаардлагатай материалыг бүрэн хангасны дараа иргэдийг жагсаалтад оруулж, асуудлыг нь шийдвэрлэх юм байна.